ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН МӨӨГӨНЦӨРТ ӨВЧИН 2020-12-18
Хvvхдийн амны хөндийн мөөгөнцөр -т өвчнийг үүсгэгчид нь гол төлөв дрожж төст кандид мөөг, аспергил, пеницил г.м. хүний биед амьдран үхэжсэн органик эдээр хооллодог хэвийн эсүүд байдаг.
Ерөнхий
Эдгээр нь хэт ихээр үржихэд нь таатай нөхцөл бүрдүүлсэн тодорхой нөхцөлд л өвчин үүсгэгч чанартай болж, үхэжсэн эсээр хооллон амьдардаг байснаа болж шимэгчлэх хэлбэррт шилждэг. Иймд хүүхдийн амны хөндийн мөөгөнцөрт өвчин нь аутоинфекц буюу дотоод халдвар юм. /мөөгөнцөртөх, мөөгөнцөр
Шалтгаан
Хоол унд дутуу, хөгжлийн гажиг, төрөх үеийн гэмтэл, халдварт болон бусад өвчнөөс үүдэлтэйгээр биеийн эсэргүүцэл сулрах, антибиотик болон кортикостероидийн төрлийн эмээр бие султай хүүхдийг эмчлэх үед дээр дурдсан мөөгөнцөрүүд нь хүчтэй үржин шимэгч болж хувирдаг.
Хөхүүл хүүхдүүдэд удаан хугацаанд өвчлөхөд бодисын солилцооны ацидоз үүссэнээр амны хөндийн ацидоз /хүчилшил/ үүсэх нь мөөгөнцөр үүсэхэд ихээхэн нөлөөлдөг. Мөн амны хөндийн бактерийн тэнцвэр алдагдах, амны хөндийн салст бүрхэвч гүйцэд бүрэлдээгүй байх зэрэг нь мөөгөнцөрүүдийг амны хөндийд тогтох таатай нөхцөл бүрдүүлдэг.
Явц
Амны хөндийн хурц кандидоз буюу сүүнцэр нь хамгийн олон тохиолддог амны хөндийн мөөгөнцөр юм. Ингэхдээ хөнгөн, дунд ба хүнд гэсэн гурван янзаар өрнөдөг.
Амны хөндийн хөнгөн хэлбэрийн сүүнцэрийн үед цэгэн, эсвэл цэгэн бөөгнөрөл хэлбэртэй өнгөр гол төлөв хэл, эсвэл хацрын дотор талд гарна. Хусахад хялбар арилах бөгөөд 7 долоо хоногоос илүү үргэлжилдэггүй, сэдэрдэггүй.
Дунд зэргийн хүндэвтэр хэлбэрийн үед өнгөр нь цус хурсан суурин дээр хэл, хацар, хатуу тагнай, уруулыг нэвчин бүрхсэн байдаг. Салст бүрхэвчийн цусархаг гадар ил гарсан ч өнгөр бүрэн арилдаггүй. 10-15 өдөр үргэлжилдэг бөгөөд сэдэрч болзошгүй.
Хүнд хэлбэрийн сүүнцэрийн үед хальслаг хэлбэртэй өнгөр хэл, уруул, тагнай, хацар гээд амны хөндийг бүхэлд нь бүрхэнэ. Завжинд цуурхай үүсэх нь олонтаа. Хусах үед бага хэмжээний өнгөр нь л авагдах ч амны хөндийн салст бүрхэвчтэй барьцалдсан нимэг хальс нь салалгүй үлддэг. Энэ хэлбэрийн сүүнцэрийг 1 түүнээс илүү хугацаанд сайн эмчилэх шаардлагатай.
Амны хөндийн салст бүрхэвчийн сүүнцэрийн хүнд хэлбэр нь давсаг, гуурсан хоолойн салст бүрхэвч болон арьс, хумс, дотор эрхтэний халдвартай хосолсон байх нь цөөнгүй.
Хүүхдийн амны хөндийн архаг мөөгөнцөрт өвчний үед мөөгөнцөрийг глоссит /хэлний үрэвсэл/, мөөгөнцөрийн гаралтай завьжны цуурал ба бүх биеийг хамарсан гэж ангилдаг. Мөөгөнцөрийн гаралтай хэлний үрэвслийн үед хэл хуурайших, хорсож өвдөнө. Хэл цусархаг улаан, заримдаа хөхөвтөр ч өнгөтэй болдог, хэлний хоёр хажуу, эсвэл хэлний гадар дээр үүрмэг хэлбэрийн цагаан өнгөр нь сүү шиг хальс, эсвэл аалзны тор хэлбэртэй өтгөн торлог болон нийлсэн байдаг. Хэлний хоёр хажуугийн арьс эвэршинэ. Хэл чийглэг, хөдөлгөөн багатай, нягт болно. Өнгөрийг хуулахад хэцүү, эвэршсэн хэсэг нь хуулрахгүй бөгөөд өнгөрийг хуулсны дараагаар цус шүүрсэн гадарга ил гарна.
Амны хөндийн архаг мөөгөнцрийн удаан үргэлжилсэн үед хэлний зарим хэсэгт, салст бүрхэвчийн гүнд шарх, холбогч эдийн бөөгнөрөлийг илрүүлж болно.
Мөөгөнцөрийн гаралтай завьжны цууралт нь шүд нь эрт “хорхойд идэгдсэн” 4-5 насны хүүхдүүдэд илэрдэг. Завьж ны орчим захаараа цагаан өнгөртэй нягт гүн цууралт үүссэн байна. Цууралтын захын арьс нь цусархаг, нягт. Ам ангайхад өвдөнө, цус гарна.
Бүх биеийг хамарсан үед амны салтс бүрхэвчийг янз бүрий хэсэг, давсаг, бэлиг эрхтэн, хумс, дотор эрхтэнүүд гэмтсэн байдаг. Энэ тохиолдолд мөөгөнцөрийн өвчний нарийн оношлогоо нь чухал үүрэгтэй.
Эмчилгээ
Мөөгөнцөрийг хэвийн байдлаас өвчин үүсгэгч болон өөрчлөгдөхөд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзаж үзэж эмчилгээг хийнэ. Юуны өмнө хүүхдийн амны хөндийн мөөгөнцрийн үед антибиотик, кортикостероидын төрлийн эм хэрэглэх шаардлага байгаа эсэх, байгаа бол хэрэглэх хугацаанд өөрчлөлт оруулах, зогсоох зэрэг аргыг тодруулна.
Мөн хооллолт, нойрыг зохистой болгох, эрүүл агаарт гаргах, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Амны хөндийн мөөгөнцрийн хурц өвчний үед тухайн хэсгийн эмчилгээг нистатин г.м. мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй антибиотикуудыг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хөхүүл хүүхдийн амны хөндийн мөөгөнцрийн үед угж, аяга, халбага зэргийг содын уусмалаар сайтар угааж ариутган угж /соосог/ өгөхийн өмнө чихэрлэг сироп түрхэх зэргийг зогсоох шаардлагатай. Мөөгөнцрийн халдварын бусад голомтыг арилгахын тулд хүүхэдтэй харьцдаг ойр дотны хүмүүсийн арьс, хөл гарын хумсыг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд арьсны эмчид үзүүлнэ.
Архаг болон бүх биеийг хамарсан мөөгөнцрийн өвчнийг эмчлэх нь тун ярвигтай гэж үздэг. Энд чихрийн шижин, ходоод гэдэсний замын өвчин, цус багадалт зэрэг өвчнийг илрүүлэн эмчлэхээс эхлээд нарийн мэргэжлийн туслалцаа зайлшгүй шаардлагатай.
Мөн амны хөндийн мөөгөнцөртэй хүүхдэд ээдэм, тараг, чанасан мах, шош зэрэг уургийн агууламж өндөртэй хоол өгөхөөс гадна өнгөт байцаа алим /лууван өгч болохгүй/, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулдаг бэлдмэл, амин дэмүүдийг эмчийн зөвлөсний дагуу өгнө.
Эх сурвалж: www.103.mn, Emch.mn